Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр)

I. Нийгмийн үзүүлэлт Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2010 онд 65.7 мян.эх амаржиж, 65.9 мян.хүүхэд төрсөн байна. Амаржсан эхийн тоо 2010 онд өмнөх оныхоос 2.9 мянга буюу 4.2 хувиар буурав. Улсын хэмжээгээр 2010 онд 1-5 хүртэлх насны 347 хүүхэд эндсэн нь өмнөх оныхоос 107 хүүхэд буюу 44.6 хувиар нэмэгдэж, нэг хүртэлх насандаа 1275 хүүхэд эндэж, 111 хүүхдээр буюу 8.0 хувиар буурчээ. Энэ хугацаанд жирэмслэлт болон төрөлтийн улмаас 30 эх эндэж, өмнөх оныхоос 26 эх буюу 46.4 хувиар буурчээ.. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 12 дугаар сарын эцэст 38.3 мянга болж, өмнөх оныхоос 173 хүнээр буюу 0.5 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос Улаанбаатар хот (1411 хүн), Төв (609 хүн), Өмнөговь (495 хүн), Завхан (426 хүн), Архангай (308 хүн), Дундговь (294 хүн), Ховд (199 хүн), Хэнтий (142 хүн) өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. Бүх шатны сургуульд суралцагчдын тоо 2010/2011 оны хичээлийн жилийн эхэнд 850.5 мян.хүн болсон нь өмнөх оныхоос 9.4 мян.хүнээр буюу 1.1 хувиар нэмэгдэв. Бүх шатны сургуулийг 2009/2010 оны хичээлийн жилд 139.5 мян.суралцагчид төгссөнөөс ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 90.2 мян.сурагч (9-р ангийг 53.5 мян, 11-р ангийг 34.5 мян), мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийг 15.1 мян.суралцагчид, их, дээд сургууль, коллежийг 34.2 мян.оюутан төгсчээ... Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалд 2010 оны эцсийн байдлаар 576.0 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 356.7 мянга буюу 61.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 219.2 мянга буюу 38.1 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн байна. Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2010 онд 360.5 тэрбум төг болж, үүний 73.6 хувийг өндөр настны, 12.6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.1 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2010 онд 56.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 1.0 мян.хүн буюу 1.8 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 2.8 тэрбум төг буюу 11.2 хувиар нэмэгдсэн байна. “Хүний хөгжил” сангаас 2010 онд иргэн бүрт 120 мян.төг олгохоор шийдвэрлэсний дагуу 2.6 сая иргэнд 276.0 тэрбум төг олгожээ. Халдварт өвчнөөр 2010 онд 41.4 мян.хүн өвчилж, өмнөх оныхоос 2514 хүн буюу 6.5 хувиар нэмэгдлээ. Салхин цэцгээр өвчлөгчдийн тоо өмнөх оныхоос 386 хүн буюу 23.3 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 1144 хүн буюу 19.8 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 975 хүн буюу 19.8 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 609 хүн буюу 9.6 хувиар буурч, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 2323 хүн буюу 9.9 дахин, вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 2234 хүн буюу 32.5 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 352 хүн буюу 11.4 хувиар өссөн байна. 2010 онд ХДХВ/ДОХ-ын 21 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт 83 тохиолдол илрэв. Харин ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2010 оны 12 дугаар сард бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд 2010 онд 19825 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 548 хэрэг буюу 2.7 хувиар буурчээ. Гэмт хэргийн улмаас 2010 онд 7486 хүн гэмтэж, 1191 хүн нас барсан нь өмнөх оныхоос гэмтсэн хүний тоо 1107 буюу 12.9 хувиар, нас барсан хүний тоо 167 буюу 12.3 хувиар буурсан байна. II.Макро эдийн засгийн үзүүлэлт Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 8255.1 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4154.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 25.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 6.1 хувиар тус тус өслөө. ДНБ-ий 2010 оны дээрх өсөлтөд бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар 23.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.3 хувь, уул уурхай, олборлох салбар 6.3 хувь тус тус өссөн нь голлон нөлөөлж байна. Эцсийн ашиглалтын аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8420.7 тэрбум төг болж, өмнөх оныхоос 1852.3 тэрбум төг буюу 28.2 хувиар өслөө. Уг өсөлтөд эцсийн хэрэглээ болон нийт хуримтлал нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 12 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 2.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.0 хувиар өслөө. Инфляцийн жилийн дундаж түвшин 10.1 хувь байв. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 5.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2010 оны эцэст 4680.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 740.4 тэрбум төг буюу 18.8 хувь, өмнөх оныхоос 1800.0 тэрбум төг буюу 62.5 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2010 оны эцэст 519.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 46.8 тэрбум төг буюу 9.9 хувь, өмнөх оныхоос 147.9 тэрбум төг буюу 39.8 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны эцэст 3264.8 тэрбум төг болж өмнөх сарынхаас 152.3 тэрбум төг буюу 4.9 хувь, өмнөх оныхоос 609.8 тэрбум төг буюу 23.0 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны эцэст 90.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 0.3 тэрбум төг буюу 0.4 хувиар өсч, өмнөх оныхоос 31.2 тэрбум төг буюу 25.6 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2010 оны эцэст 374.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.4 тэрбум төг буюу 0.9 хувь өсч, өмнөх оныхоос 87.6 тэрбум төг буюу 19.0 хувиар буурсан байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2009 онд байнга суларч байсан төгрөгийн ам.доллар болон евротой харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2010 оны 3 дугаар сараас эхлэн чангарлаа. Төгрөгийн ам.доллартай харьцах жилийн дундаж ханш 2010 онд 1357.84 төгрөг болж, өмнөх оныхтой харьцуулахад 5.8 хувиар, евротой харьцах дундаж ханш 1805.08 төг болж 10.1 хувиар, юаньтай харьцах дундаж ханш 200.93 төг болж 4.7 хувиар, рубльтэй харьцах дундаж ханш 44.89 төг болж 0.8 хувиар чангарчээ. Үнэт цаасны арилжааг 2010 онд нийт 253 өдөр явуулж, 92.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 64.5 сая ш үнэт цаас арилжсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3078.4 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3076.3 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсөв 2.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн урсгал орлого 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3035.9 тэрбум төг, урсгал зардал 2271.2 тэрбум төг болж, урсгал тэнцэл 764.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оныхоос 1053.0 тэрбум төг буюу 65.0 хувиар нэмэгдэхэд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 236.6 тэрбум төг буюу 2.3 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 185.2 тэрбум төг буюу 90.2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 251.3 тэрбум төг буюу 77.1 хувь, онцгой албан татварын орлого 101.8 тэрбум төг буюу 61.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оныхоос 10.2 тэрбум төг буюу 2.9 хувиар нэмэгдэхэд хэдийгээр хувьцааны ногдол ашгийн орлого 53.4 тэрбум төг буюу 49.2 хувиар буурсан ч газрын тосны орлого 29.1 тэрбум төг буюу 2.1 дахин, бусад нэр заагдаагүй орлого 27.8 тэрбум төг буюу 2.4 дахин, навигацийн орлого 9.4 тэрбум төг буюу 42.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3076.3 тэрбум төг болж, өмнөх оныхоос 739.6 тэрбум төг буюу 31.7 хувиар нэмэгдсэн нь татаас, шилжүүлэг 247.1 тэрбум төг буюу 31.3 хувь, цалин, хөлсний зардал 74.6 тэрбум төг буюу 13.0 хувь, бараа, үйлчилгээний бусад зардал 149.0 тэрбум төг буюу 37.8 хувь, хөрөнгийн зардал 104.1 тэрбум төг буюу 22.6 хувиар өссөнөөс голлон шалтгаалжээ. Хөрөнгийн зардалд 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр 564.7 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оныхоос 104.1 тэрбум төг буюу 22.6 хувиар нэмэгджээ. Энэ нь гадаад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 13.5 тэрбум төг буюу 50.5 хувиар буурсан хэдий ч дотоодын эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 117.6 тэрбум төг буюу 27.1 хувиар өссөнөөс шалтгаалсан байна. Манай улс 2010 онд дэлхийн 132 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6177.1 сая ам.долл, үүнээс экспорт 2899.2 сая ам.долл, импорт 3277.9 сая ам.долларт хүрлээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 онд 378.7 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оныхоос 126.4 сая ам.долл буюу 50.1 хувиар нэмэгдлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 2154.0 сая ам.долл буюу 53.5 хувиар, үүний дотор экспортын хэмжээ 1013.8 сая ам.долл буюу 53.8 хувиар, импортын хэмжээ 1140.2 сая ам.долл буюу 53.3 хувиар тус тус өсчээ. Экспортын үнийн дүнгийн 98.0 хувийг зөвхөн эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл эзэлж байна. III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт Улсын хэмжээгээр 2010 оны эцэст 32.7 сая толгой мал, үүний дотор 1920.3 мян.адуу, 2176.0 мян.үхэр, 269.6 мян.тэмээ, 14480.4 мян.хонь, 13883.2 мян.ямаа тоологдов. Малын нийт тоо өмнөх оныхоос 11.3 сая буюу 25.7 хувиар буурсны дотор адуу 301.0 мян буюу 13.5 хувь, үхэр 423.3 мян буюу 16.3 хувь, тэмээ 7.5 мян буюу 2.7 хувь, хонь 4.8 сая буюу 24.9 хувь, ямаа 5.8 сая буюу 29.4 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээгээр 2010 онд 10.3 сая том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оныхоос 8.6 сая толгойгоор илүү байна. 2010 онд 355.1 мян.т үр тариа, 168.0 мян.т төмс, 82.3 мян.т хүнсний ногоо хурааж, 1132.3 мян.т хадлан, 31.3 мян.т гар тэжээл бэлтгэсэн байна. Өмнөх оныхоос хураасан үр тариа 36.6 мян.т буюу 9.3 хувиар бага, харин төмс 16.7 мян.т буюу 11.1 хувь, хүнсний ногоо 4.3 мян.т буюу 5.5 хувиар нэмэгдэж, хадлан 220.0 мян.т буюу 24.1 хувь, гар тэжээл 5.5 мян.т буюу 21.1 хувиар их бэлтгэжээ. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2010 онд (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 1874.6 тэрбум төг болж, өмнөх оныхоос 169.7 тэрбум төг буюу 10.0 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын газрын тос, хайлуур жоншны баяжмал, нүүрс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 16.7-91.8 хувь; катодын зэс, шохой, архи, металл бэлдэц, гурил, ган төмөр хийц, цемент, зүсмэл материал, тараг, амтат ус, ундаа, жүүс, металл цувимал, малын тэжээл, сүү зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 11.2-69.0 хувь; цул бетон, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 2.1-2.3 дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2010 онд өмнөх оныхоос уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт: нүүрс олборлолт (91.8%), бусад ашигт малтмал олборлолт (19.5%), газрын тос, шатдаг хий олборлолт (16.7%); боловсруулах аж үйлдвэрийн салбарт: бичиг хэргийн болон тооцоолох техник үйлдвэрлэл (5.5 дахин), резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл (84.4%), төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл (54.0%), мод, модон эдлэл үйлдвэрлэл (35.6%), төмрийн үйлдвэрлэл (29.6%), хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл (24.0%), химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (18.2%), хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт (17.5%), нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа (7.6%), тамхи үйлдвэрлэл (2.9%); цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт: цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл (6.4%) зэрэг дэд салбарын үйлдвэрлэл нэмэгдлээ. Барилга угсралт, их засварын ажил 2010 онд 350.8 тэрбум төг болсны 326.5 тэрбум төг буюу 93.1 хувь нь дотоодын, 24.3 тэрбум төг буюу 6.9 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна. Барилга угсралт, их засварын ажил өмнөх оныхоос 71.4 тэрбум төг буюу 25.6 хувь, үүнээс дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 75.9 тэрбум төг буюу 30.3 хувиар өсчээ. Бүх төрлийн тээврээр 2010 онд 29.4 сая т ачаа, давхардсан тоогоор 250.7 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оныхоос тээсэн ачаа 4.6 сая т буюу 18.7 хувь, зорчигчдын тоо 18.2 сая хүн буюу 7.8 хувиар тус тус өсчээ. Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2010 оны 12 дугаар сард Завхан аймгийн Баянтэс суманд (16.4 мм) орсон байна. Энэ 12 дугаар сард Ховд аймгийн Мөнххайрхан суманд хамгийн дулаан (16.0 хэм), Завхан аймгийн Баянтэс, Тосонцэнгэл суманд хамгийн хүйтэн (-46.0 хэм) байлаа. Салхины хамгийн их хурд Говь-Алтай аймгийн Тонхил, Өмнөговь аймгийн Булган суманд 34 м/сек хүрлээ. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2010 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын 32-ын тойрог орчимд 28 удаа, Баруун дөрвөн замын орчимд 26 удаа, 1-р хороолол болон Офицеруудын ордон орчимд тус бүр 15 удаа, Хан-Уул дүүрэг орчимд 8 удаа, Хархорин захын орчимд 2 удаа; хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 29 удаа, Баруун дөрвөн замын орчимд 25 удаа, Офицеруудын ордон болон Хархорин захын орчимд тус бүр 24 удаа, 1-р хороолол орчимд 22 удаа, Хан-Уул дүүрэг орчимд 3 удаа; 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 29 удаа, Хархорин захын орчимд 27 удаа, Хан-Уул дүүрэг орчимд 12 удаа, 1-р хороолол орчимд 11 удаа, Баруун дөрвөн зам орчимд 9 удаа; 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 25 удаа тус тус агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан байна. Аюулт үзэгдэл, осол 2010 онд 2976 удаа гарсны улмаас 223 хүн амь насаа алдаж, 9.7 сая мал, амьтан хорогджээ. Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл объектын түймэр 2541 удаа, гол, нуурын усанд унасан осол 120 удаа, ой, хээрийн түймэр 104 удаа, мал, амьтны галзуу өвчин 35 удаа, хүчтэй салхи шуурга 32 удаа, 3-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 31 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 534.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.