Үндэстний баатар гэж хэн бэ?

Үндэстэн бүрэлдэн тогтох үйл явц амар хялбар байдаггүй. Үндэстэн нь байгалийн болон нийгмийн олон олон шалгуурыг даван туулж өөрийн үндэстний шинж төрхийг хадгалсан соёл иргэншлийг бүтээн цогцлоодог. Үүнд жирийн ард иргэдээс эхлээд үндэстний суу билэгт хөвгүүд охидын зүтгэл тэмцэл асар их үүрэгтэй. Дотоодын урван тэрслэгчид, гаднын халдан түрэмгийлэгчдээс Улс, Үндэстнээ хамгаалахад Үндэстний баатруудын гүйцэтгэх үүрэг юу юунаас ч эрхэм билээ. Улс Үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх жаргалын төлөө өөрийн амь биеийг үл хайрлан эрэлхэг баатарлагаар тэмцэж, оюун ухаан, хүч чадлаа зориулсан хэн боловч Үндэстний баатар мөн. Тэдний ариун үйл хэрэг тухайн Улс, Үндэстний түмэн үеийн бахархал болж, өнө мөнхөд алдар суу нь дуурсдаг жамтай. Үндэстний баатруудаа хүндэтгэн дээдэлж, тэднээрээ бахархах нь аль ч ард түмний нэр төрийн хэрэг байдаг. .Монголчууд бид бахархах ариун бахархалтай, даган дуурайх Үндэстний баатруудтай, мянга мянган жилээс улбаалсан Үндэстний аугаа их соёл иргэншилтэй ард түмэн билээ. Эртний соёлт ард түмнүүд Монголыг маань чин үнэнч, эрэлхэг баатруудын эх орон хэмээдгийг мартаж үл болно. Бахархал Би Монгол нутагт Монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Бахархахын учир юу вэ? Чухам Монгол үндэстэн болж төрсөндөө бахархахын учир юунд оршино вэ? Бахархал олон янз. Төрүүлж өсгөсөн эцэг эхээрээ, түшиж тулсан ах дүү, эхнэр хүүхэд, найз нөхдөөрөө бахархаж болно. Тэгвэл тэдний чухам юугаар нь бахархаж байна вэ? Хүмүүжил ёс суртахуунаар нь, гоо сайхнаар нь, ажил мэргэжлээр нь, авьяас чадвараар нь… гэх мэтчилэн бахархаж болно. Эндээс сайн хүмүүжил, өндөр ёс суртахуун, гоо сайхан, мэргэжил боловсрол, авьяас чадвар, баян чинээлэг байдал Хүн төрөлхтөн хэмээн нэрлэгдэж буй зургаан тэрбум хүний хэнд нь ч байж болох юм. Олон хүнд ийм боломж бий. Харин Хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутагт тэрхүү соёл иргэншлийг үндэслэн байгуулагчдын үр сад болж төрөх, тэднээр овоглон, тэдний нэг байх шиг эрхэм бахархал өөр хаана ч үгүй. Чухам үүнд л Монгол нутагт Монгол Үндэстэн болж төрсний бахархал оршдог юм. Хүн төрөлхтний соёл иргэншлийг үндэслэгчдийн үр сад гэдгээрээ бахархахын тулд тэрхүү шинжийг хадгалж байвал зохистой!