Учирлахуй

 Монгол хүн Монгол эх орон, газар нутагтаа эзэн нь байх ёстой. З.Эрдэнэбат
Монгол хүн Монгол эх орон, газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монголд хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг Үндэстний эрх чөлөө, Үндэстний өмчийн дээр тавьсан олон намууд сүүлийн 16-н жилд бий болсон. Тэдний анхдагч нь олон удаа арьсаа сольсон ч үнэн дүр төрхөө “Ардчилал” хэмээх гоё үгний цаана нууж, муур багшийн дүрд амжилттай тоглосоор байна. Тэдний үнэн дүр төрх чухам юу юм бол? Тэгвэл үнэн дүр төрх нь дэвшүүлсэн зорилго, баримталж буй үзэл санаа, явуулж буй үйл ажиллагаа, түүний үр дүнгээр тодорхойлогдоно.
.Бусармаг этгээдүүдийн заль мэх улам бүр нарийсч шинэ шинэ багаар үнэн дүр төрхөө халхалж, хөнөөлт үйл ажиллагаагаа улам бүр идэвхжүүлсээр байна. Түүний нэг жишээ бол Үндэсний Шинэ Нам гэгч юм. Энэ нам “үндэсний үзэл” /мөн чанартаа бол Үндэстний үзэл байх ёстой/ гэх хамгийн ариун үзлээр халхавч барьж Монгол Үндэстний итгэл сэтгэл дээр дөрөөлж, бусармаг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр гэтэж байна.

Энэ намын үзэл баримтлалд Монгол Үндэстний эрх ашгийг дээдэлсэн Үндэстний үзлийн үнэр ч байхгүй. Энэ намыг санаачлагчдын нэг, энэ намын дарга М.Энхсайханы 1997 онд боловсруулан батлуулсан “Ашигт малтмалын тухай” хууль Монгол Үндэстний эрх ашигт ноцтой харшилж буй нь илэрч, энэхүү бусармаг хуулийг эсэргүүцэн тэмцсэн УИХ-ын гишүүн О.Энхсайхан цаг бусаар хорвоог орхисон бус уу?! Монголчууд биднийг Үндэстний үзлийн талаар нэгдсэн нэг ойлголтгүй байгааг далимдуулан сиймхийг ашиглаж бусармаг үйлдлээ гүйцэлдүүлэхээр харь элэгт зальт этгээдүүд мушилзан гэтэж байна.

Монголчуудаа, Үндэстний үзэлтнүүд ээ сэрэмжтэй байгтун!! Учир иймээс 1990- 2009 он буюу өнгөрсөн 19-н жилийг эргэн харж дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ…!!

МАХН гэж байх. Энэ нам 1920-иод онд Монгол Үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрслэн боссон эх оронч баатруудын Үзэл санааны нэгдэл байсансан.

Харин одоо энэ нам Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын удирдаж асан МАХН биш болжээ. 1990-ээд оноос явуулж буй энэ намын үйл ажиллагаа нь МАН-ыг байгуулж, Монгол Үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн эрэлхэг зоригт хөвгүүд охидын зүтгэл тэмцэл талаар болжээ!! хэмээн дүгнэхэд хүргэж байна. 1990-ээд оноос энэ намын үзэл баримтлал ганхаж, Нагаржунайн төв үзэл хэмээн бөөрөнхийлж байснаа ардчилсан социалист үзэл баримтлалыг сонгосноо зарласан билээ.

Гэвч энэ нам шинэ Үндсэн Хуулиас эхлээд 1000 гаруй хуулийг Ардчилсан Намтай хамтарч батлан гаргахдаа хувь хүний эрх ашгийг Монгол үндэстний эрх ашгаас өндөрт тавьж, ингэснээрээ Улс болоод Үндэстний оршин тогтнох тулгуур үндсүүдэд АН-тай мөр зэрэгцэн, ханцуй шамлан халдсан байх юм!!

Үгүй хэмээн мэтгэх хүн буй бөгөөс Монголын хууль хэний эрх ашигт үйлчилж байна вэ?! гэдэгт хариулт өгөх хэрэгтэй болно. Монгол Үндэстний эрх ашигт уу?! харийнхны эрх ашигт уу?! Монголын хууль Үнэнд үйлчилж, Шударгаар шийдэж байна уу?!

Хэрэв харийнхны эрх ашигт нийцүүлж хууль гаргах ёстой бол Монгол улс байхын хэрэг бий сэн бил үү?! Монголын төрөөс батлан гаргасан хуулиудын “ач”-аар халдашгүй дархан эрхээ худалдан, эх орондоо харийнханд боолчлогдож, олон үеийн эх оронч эрэлхэг баатрууд, Үндэстний суу билэгт хөвгүүд, охидын зүтгэл тэмцлийн үрээр өнөө бидэнд өвлөгдөж ирсэн энэ Монгол улсын газар нутгийн аль алт эрдэнэс, үнэт баялагтай хэсгийг нь харийнханд найр тавьж, өнөөдөр нийт нутгийн гуравны нэгийг нэгэнт харийнханы эзэмшилд өгчээ!!

Бусармаг этгээдүүд “Газрын тухай” хуулийг батлуулж, Монгол Улс, Үндэстний оршихуйн тулгуур үндэс Газрын нэгдмэл байдлыг алдагдуулж, задлан бутаргахын тулд энэхүү бусармаг үзлийн эсрэг мятаршгүй тэмцэж байсан УИХ-ын гишүүн О.Дашбалбарыг, Монгол Үндэстний дахин нөхөгдөшгүй өмч эрдэнэс баялгыг цөлмөн дээрэмдэж буй “Ашигт малтмалын тухай” хуулийг авч үлдхийн тулд УИХ-ын гишүүн О.Энхсайханыг хөнөөсөн бус уу?! Монгол Үндэстний язгуур эрх ашгийг хамгаалан тэмцсэн угтаа бол таны, миний, бидний төлөө тэмцсэн Эх оронч хөвгүүд харсаар байтал амь, амьдралаа алдсаар байхад Монголын төр, Түмэн сохор, дүлий, тэнэг мэт чимээгүй байсаар байх уу?! Монгол Үндэстний язгуур эрх ашгийг дээдэлж, Монгол Үндэстний эрх, Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Халдашгүй дархан байдлын төлөө амиа өргөсөн Эх оронч хөвгүүдээ Эх орон, Ард түмэн нь хэзээ ч мартах учиргүй. Тэдний ариун үйл хэрэг түмэн үеийн бахархал болж өнө мөнхөд алдар суу нь дуурсах учиртай.

Харин бусармаг этгээдүүдийн боловсруулж батлуулсан хуулиуд цаашид үйлчилсээр байвал Монгол Улсын газар нутаг бүхлээрээ харийнхны эзэмшилд орох хууль, эрх зүйн орчин өнөөдөр нэгэнт бүрджээ. Тэдгээр хуулиуд Монгол Үндэстний эрх ашгийг хамгаалж, Монгол Үндэстний тусын тулд үйлчлэх учиртай Монгол төрийн эрхийг хязгаарлаж, Монгол Үндэстний эрх, Эрх чөлөө, Халдашгүй дархан байдалд илээр халдаж байна!! 

Ардын сургаалд: 
Зангуу хэдий жижиг ч 
Хөлийг хатгах өргөстэй 
Зальхай хэдий цөөн ч 
Улсыг мөхөөх мэхтэй гэдэг энэ бус уу. 

“Газар бол Улсын үндэс” гэж одоогоос 2200 жилийн тэртээ Хүн гүрний их хаан Модун гэрээсэлсэн биш бил үү?! “Миний нутгийн газраас Бурхан гуйсан ч бүү өг!” хэмээн Ойрд Монголын их хаан Галдан ХVII зуунд дотоодын урвагчдын болоод харийн түрэмгийлэгчдийн эсрэг амь хайргүй тэмцсэн биш гэж үү? ХХ зууны улс төрийн онолын томоохон төлөөлөгч Георг Елиник: “Төрийн оршин тогтнох тулгуур гурван үндсийн нэг нь газар мөн” хэмээсэн байна. Газраа харийнханд худалдаж, эзэмшүүлж, өмчлүүлж, хувьчилснаас учирсан гамшгийг бид Австралийн Аборгений, Америкийн Индианчуудын гашуун хувь заяанаас мэдэх билээ. Аборгенчууд өнөөдөр амьд үзмэр болсон! бол, Индианчуудын газар нутгийг худалдаж авсан харийнхан яаж үй олноор нь аймаглан устгаж байсныг Америкийн түүх гэрчлэх бус уу?! Америкийн Нэгдсэн Улсын хүн амын нэг хүрэхгүй хувийг тэрхүү газар нутгийн эзэд байсан Индианчууд эзэлж байна. Тэдний соёл, тэдний хэл, тэдний эрх ашиг гэж өнөөдөр тэнд үгүй. АНУ –ын нутаг дэвсгэр дээр оршин байсан Индианы соёл иргэншил, Индианы омог аймгууд мөхсөн. Энэ бол бодит үнэн.

Нэгэн гарал үүсэл бүхий Индианий ард түмний эмгэнэлт хувь заяаг тавлах гэсэнгүй. Энэ эмгэнэлт хувь заяа Монголчууд бидэнд нүүрлээд буйг л учирлах гэсэн билээ!!

Эцэст нь Монгол хүн бүрийн эрх ашгаас Монгол Үндэстний эрх ашиг бүрдэж, хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалж бус нийт Монгол Үндэстний эрх ашгийг хамгаалан дээдэлж Монгол Улсыг байгуулсан юм! гэдгийг сануулах гэсэн билээ. Үндэстэн өөрийн эрх ашгаа худалдвал, Газар нутгаа худалдвал, Үндэстэн өөрийн соёл, ёс заншил, хэлээ умартаж, охид эмсээ худалдаж, генийн сангаа булингартуулбаас мөхөх нь гарцаагүй!! Энэ бол Ертөнцийн хууль!

Монгол Үндэстний Орших эс орших нь Монголчууд биднээс шалтгаална! Үндэстний оршин тогтнохуйн тулгуур үндэс болсон газар нутаг, эрх ашиг, хэл соёл, генд халдаж буй дотоодын хэн боловч урвагч! гадаадын хэн боловч дайсан!! гэдгийг Монгол хүн бүр мэдэж байвал зохино. Үүний учир Монгол хүн танд учирлав.
Ухаартуxай!!!

Хүн төрөлхтний-Мөнхийн хууль...
Газар нутаг байж-Эх орон байдаг
Эх оронтой байж-Ард түмэн болдог
Эх орон, Ард түмэн хоёр нийлээд
Улс орон болдог...  О.Дашбалбар

Хайртай нутгаа алдаад зуун хөлтэй үлдлээ гэхэд
Хаана тэр хөлөөрөө гишгэх гэж явах юм бэ? Мусса Жалил