Хасын тухайд цөөн үг …

...Хас дүрст бэлгэ томьёо нь Монгол Алтайгаас дөрвөн зүг найман зовхист түгэхдээ эхний шатанд өвөг Монгол угсаат Маяа, Дравид, Сүмэр нараар дамжиж, чинагш эртний Грекээр дамжин Европод, Хятад Энэтхэгээр дамжин Азид тархан оюуны соёл хийгээд метафизик мэдлэгийн үнэт зүйл болсон билээ… Аливаа бэлгэдэл дүрс нь хийсвэр сэтгэлгээний ямар нэгэн томоохон ололтын илрэл, загвар, үр дүн байх бөгөөд түүний ид шид нь эргээд бясалгал өдөөх, үзэгдэл юмыг ургуулан бодох учир холбогдлыг нээн тайлах шилдэг хэрэгсэл болдог жамтай… Ч.Эрдэнэ “Их гурвалжин”

Хасын бэлгэдэл
Монголчуудын өвөг дээдэс орчлон ертөнцийн зүй тогтол, од эрхсийн төлөв байдал хас төлөв байдалтай гэдгийг нэн эрт үед танин мэдэж, түүнийгээ хад чулуунд бичиглэн хойч үедээ өвлүүлэн үлдээжээ.

. Хойч үе нь энэхүү гайхамшигт дүрс тэмдгийн бэлгэдлийг улам бүр баяжуулан өнөө бидний үед өртөөлөн авч ирсэн байна. Судлаачдын олж илрүүлснээр Хас дүрс тэмдэг нь Монголчуудын ертөнцийг үзэх үзэлтэй нягт холбоотой байж бичиг соёл, ахуй амьдралд хэрэглэгдэхдээ буян хишгийг бэлгэдэж бузар булайг ялан дийлэх, ад зэтгэр цаг бусын муу зүйлийг зайлуулах, амар амгаланг, бат бөхийг, хувиршгүй мөнхийг, мөнхийн эрч хүч, мөнхийн хөдөлгөөн, үл чадагдахуйн бэлгэдэл, үл тасрах буян хишиг, мөнхийн амь, мохошгүй, дийлдэшгүй, үүрд оршихуйг, орчлон ертөнцийн зүй тогтол, од эрхсийн төлөв байдлыг бэлгэдэхээс гадна мөнхүү Хас Их төрийн бэлгэдлийг ч илэрхийлж байжээ.

Их Монгол Улс сая хүрэхгүй хүн амтай, 100 мянга хүрэхгүй цэрэгтэйгээр гурван жигүүрээр, Ертөнцийн гурван хэсэгт дайтаж, нийт 120 сая орчим хүн амтай 40 шахам Улс гүрнийг ялан дийлж, байлдан дагуулсны нууц нь чухам юунд оршино вэ? гэсэн асуулт өнөөг хүртэл эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд зүй ёсоор байсаар байна. Монгол төрийн хүчирхэгжсэний, хүчтэй байсны нууц нь юунд оршино вэ? Өнөөг хүртэл хариу нь тодроогүй энэ асуултад агуу их Монгол Үндэстний эс ширхэг болж төрсний хувьд би бээр дараах хариултыг өгч байна.
XIII зууны Их Монгол Улсын Хас их төрийн хүчирхэг байсны нууц нь Үзэл санааны ялалтад байсан байна. 
Ялалт авч ирсэн тэрхүү Үзэл санааны үндэс юунд оршино вэ? хэмээвэл: 
1. Оршихуйн чанадад хүрсэн Мөнх галын гүн ухаанд 
2. Мөнх Тэнгэрийн хүч буюу Хасын хуульд тулгуурласан Их Монгол Улсын Их Ёс хуульд оршиж байсан байна. Энэ бол Монгол Үндэстэн оршихуйг ухамсарлаж,Ертөнцийг таньсны гэрч мөн. Энэхүү агуу их Гүн ухаан, агуу их Хуулийн дор нэгдсэн Монгол Үндэстэн Дэлхийг төвшитгөн захирч чаджээ…!!! 

Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын Хас их төрийн ивээлд багтсан Улс түмэнд Шударга ёс дэлгэрч, Үнэн ялж, зусар бялдуучлал арилж, хулгай дээрэм, луйвар, мөлжлөг эцэс болж, ард түмэн юу чаддагаа хийж бүтээж, амар жимэр айх аюулгүй амьдрах бололцоо нөхцөл бүрдсэн байна. Энэ бол Монголчуудын ялалт амжилтын үндэс байсан юм. 

Их Монгол гүрний төрийг Хас төр хэмээхүйн учир
Төрийн хэрэгт Хас тэмдгийг хэрэглэх нь нарийн утга учиртай. Хас тэмдгийн бэлгэдэл, Хас хэмээх үгийн утга нь Мөнх тэнгэрийг, Мөнх тэнгэрийн хүч буюу Мөнх тэнгэрийн хуулийг мөнхүү Ертөнцийн зүй тогтлыг бэлгэднэ. Тиймээс Хас их Төр хэмээх нь Мөнх тэнгэрийн хуульт төр /Мөнх тэнгэрийн ёсонд нийцсэн төр, Мөнх тэнгэрийн хүчит төр, Ертөнцийн зүй тогтолд нийцсэн төр, Ертөнцийн хуулийг таньсан төр/ хэмээх утгыг илтгэнэ.

Энэ нь:
Зөв болоод бурууг ялгаж 
Үнэн болоод Шударгыг тэтгэнэ 
Ардын сэтгэлийг амрааж 
Ариун ёсыг дэлгэрүүлнэ хэмээх гүн утга санааг мөнхүү илтгэнэ. Ийм агуу Үзэл санааг дэвшүүлж, тийм агуу Үйлийг бүтээсэн болохоор нь Дэлхийн тэн хагас Их Монгол гүрний өлмийд сөхөрсөн байна!!! 

Дэлхийн сая сая хүний хүсэж мөрөөдөж ирсэн тэр чин Шударга ариун Үнэнийг дэлхийн түүхийн бүхий л үед зөвхөн Их эзэн Чингис хаан л ялуулж, амьдруулж чадсан юм. Тийм ч учир түүний суу алдар дэлхийн өнцөг булан бүрт түгж амьд хэвээр мөнхөрчээ!!! 

Хасбуу тамганы тухайд 

Судлаачид Их Монгол Улсын Хас их төрийн Хасбуу тамга хас бэлгэдэл дүрсийг агуулаагүй бөгөөд тамгыг хас чулуугаар урлаагүй атал юунд тэрхүү тамгыг Хасбуу тамга хэмээн нэрийдэх болов гэдэгт хариулт олж эс чаджээ. Их Монгол Улсын Хас их төрийн Хасбуу тамганы дардас Ватиканы нууц архиваас олдсон билээ. /Гүег хааны Хасбуу тамганы дардас/ Энэхүү тамганд Монгол бичгээр дараах зарлигийг сийлсэн байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор
Их Монгол улсын
Далай хааны зарлиг
Ил болон иргэн дор хүрвээс
Биширтүгэй Aюутугай

Дээр өгүүлсэнчилэн Хас бэлгэдэл дүрсийн чанад утга нь Мөнх тэнгэрийн хүчийг бэлгэднэ. Мөнх тэнгэрийн хүч хэмээх нь Мөнх тэнгэрийн ёсыг /хууль/ илтгэнэ. Иймд Мөнх тэнгэрийн хүчинд эрхшээсэн аливаа тамгыг хас тамга хэмээн нэрлэж болмуй.

Гэвч Мөнх тэнгэрийн хүчинд дулдуйдах мөртөө Мөнх тэнгэрийн ёсонд харшлах аваас жирийн иргэн ч Мөнх тэнгэрийн ёсыг асуун заалдаж, ёсыг сахиулдгийг мартаж үл болно! Монголын Ардын төрийн анхны сүлд, мөн Ардын намын тамга хас бэлгэдэл дүрсийг агуулж байжээ. Монгол Ардын нам, Монголын Ардын төрийн анхдугаар зорилго, зорилтууд ч Хас төрийн бэлгэдэлд нийцэж байсан байна.

Хасбуу тамганы бусдаас ялгарах гол онцлог нь Мөнх тэнгэрийн хүчийг илтгэж буйд оршино. Хасбуу тамганы хамгийн гол Үзэл санаа нь: Зөв болоод бурууг ялгаж Үнэн болоод Шударгыг ялуулж Ардын сэтгэлийг амрааж Ариун ёсыг дэлгэрүүлнэ хэмээх Үзэл санаа!! болой. 
Тиймээс хэн дуртай нь Хасбуу тамгыг түшдэггүй!...

Хас их Төрийн оршин ахуй үед зальхай луйварчдад гишгэх газар байдаггүй!!! Монгол түмний оюуны мэлмий тунгалаг байг. Монгол Үндэстний эрх ашигт үнэнч Хас их төр дахин бүрэлдэн тогтох болтугай.

А.Гэрэл Улаанбаатар хот 2006 он

Жич: Хасын тухайд илүү ихийг мэдэхийг хүсвэл М.Энхпүрэвийн Монгол хасны эх орон, Мөнх тэнгэрийн хасбуу, Хас шинжлэлийн тойм Ч.Эрдэнийн Их гурвалжин зэрэг номуудыг үзнэ үү.